Энэ удаагийн тоглолтоороо дөрвөн настай Даариймаа, ой арван нэгэн сартай Болд-эрдэнэ нартаа туслахаар шийдсэн бөгөөд сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэхүү тоглолт маань амжилттай болж хүн бүхний сэтгэл тэнэгэр , хүүхэд бүрийн нүдэнд инээмсэглэл тодорч үлдсэн юм. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уг тоглолт заал дүүрэн үзэгчтэй байсан бөгөөд энэ нь монголчууд бидний өрөвч зөөлөн сэтгэл, ядарсан, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа нэгэндээ сэтгэл зүрхээ нэгтгэн, нэгдэж чаддаг юм гэдгийг дахин харууллаа.
Уг тоглолтонд рок попын 50 орчим уран бүтээлчид оролцож ард түмний сэтгэлд хоногшсон ая дуугаа өргөсөн юм. Мөн “ Хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан”- ТББ-н үйл ажиллагааг дэмждэг “АСА” циркийн хамт олон ч тоглолтыг өөрийн байрандаа үнэ төлбөргүй зохион байгуулж тусалсан бөгөөд циркийн шилдэг үзүүлбэр болох уран нугаралт, хөлөөр наадагчидзэрэг үзүүлбэрүүдээрээ бэлэг барьсан нь тоглолтыг улам шинэлэг болгож чимж өгсөн юм. Хорт хавдар хэмээх энэ аймшигт өвчнөөр өвдөн шаналж байгаа бяцхан үрсдээ туслахыг хүссэн хүмүүс тоглолтын дундуур ч хандиваа өгсөөр байсан. Үзэгчдийн суудлаас Ариунзаяа охин 10.000 төгрөг,
Ануужин охин 50.000 төгрөг , Цэрэнхандын гэр бүл 100.000, Мөнхийн гэрэл христийн сүм 100$, Метрополис 1.000.000 сая, Special-corp 700.000, Долгормаа захиралтай “Infinity”-н хамт олон 25сая төгрөгний цусан дахь сахар хэмжигч багаж “Хавдар судлал үндэсний төв”-ийн Одонтуяа эмчид гардуулсанбөгөөд MCS- Сocа cola компани иж бүрэн комьпютер, лазер притер, өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүнээр бэлэг барьж сэтгэлийн цацал өргөлөө. Мөн үзэгчид маань үүрэн телефоны бүх операторуудаас 150124- дугаарт мэссэж илгээж хүний алтан амь аврах буянт үйлсэд нэгдсэн юм.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулаад хэдий удаагүй ч уулзсан хувь хүн, албан байгууллага бүр биднийг дэмжиж байдагт сангийхан урамшиж цаашид олон хүүхдүүдэд туслахыг хүсэж байгаа бөгөөд бидэнтэй хамтран ажилладаг АПУ, СББ, Хаан банк, Голомт банк, Хас банк, MCS- Сocа cola, Алко-групп-Галт ус брэнд, МСМ, Метрополис, Best-airways зэрэг байгууллагууддаа талархалын бичиг гардуулж өглөө.
Манай хэвлэл мэдээллийхэн тоглолтын талаархи мэдээллийг үзэгчдэд хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн бөгөөд уг тоглолтыг NTV-Телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлсэн нь бидний үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгож чадсан юм.. Монголчууд бидний бахархал болсон боксын гавьяат тамирчин Үйтүмэн, гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар Сэрдамба нар тоглолтонд хүрэлцэн ирж хүүхдийн төлөө хамтдаа “ЗА” гэж хэлэн энэхүү үйл ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн тоглолтоороо туслахыг хүсэж байгаа бяцхан охин Даариймаа маань ээжийнхээ хамт хүрэлцэн ирсэн байсан бөгөөд , харин Болд- Эрдэнэ хүү маань солонгост байгаа учраас түүний эмээ нь тоглолтонд ирж ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлсэн юм. Даариймаа охин маань үзэгчдийн суудлаас мэндчилж , дуу дуулж өгсөн юм.Сонссон хүн уярахгүй байхын аргагүй,хайрлахгүй байхын аргагүй энэ агшинд ихэнх үзэгчид нүдэндээ нулимастай бяцхан охиныг хайрлаж байлаа.
Монгол орны түүхийн хуудсыг бичилцэх хувьтай төрсөн бидний хойч ирээдүй болсон бяцхан үрсүүд маань энх саруул байг....
“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан” – ТББ- гаас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож тоглолтыг найруулсан “Оn and Оff” продакшны хамт олон, New star студи,НҮБ-ын элч дуучин Ариунаа, дуучин Алтанцэцэг, дуучин Наран, сангийн тэргүүн МУГЖ Жаргалсайхан, Харанга хамтлаг , гитарчин Өөжгий болон залуу уран бүтээлчиддээ талархалаа илэрхийлье. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.
Эх үрийг хагацлын хар сүүдэр бүү дайраасай.