Шинэ жилийн баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг аз жаргал дагуулдаг баяр билээ. Шинэ жилээр хэн бүхэн өөрийн хайртай хүмүүсдээ бэлэг худалдан авч, гацуур модоо чимэглэж, гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2009 оны 12-р сарын 21-ний өдөр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан” ТББ-аас санаачлан Тэрэлж зочид буудлын сайхан сэтгэлт ах эгч нарын тусламжтайгаар Тэрэлж зочид буудалд хорт хавдартай хүүхдүүдийн шинэ жилийн баярыг Хавдар судлалын үндэсний төв болон Эх нялхасын Эрдэм Шинжилгээний төвийн Цусны тасагтай хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
Хүүхдүүд маань Тэрэлж зочид буудлын франц тогооч David Baruthio-ийн сэтгэл гаргаж хийсэн амтат хоолыг амтархан зооглож, МУГЖ Т.Ариунаа эгчтэйгээ хундага тулган шинэ оноо баяр хөөр дүүрэн угтлаа. Манай баярыг сангийн гүйцэтгэх захирал Г.Ганхүү ах нь хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, дуучин Батсүх, дуучин Алтанцэцэг нар ая дуугаа барьж, циркийн хамт олон тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдтэйгээ хамт дуулж, бүжиглэж, жүжиглэж өдрийг сайхан өнгөрүүллээ.
Зарим хүүхдүүдийн хувьд энэ шинэ жилийн баяр анхных нь шинэ жилийн баяр байснаараа онцлог байв. Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, цасан охин бас бэлэггүйгээр төсөөлөшгүй билээ. Ингээд өвлийн өвгөн аав нь цасан охиноо /МУГЖ Т.Ариунаа/ дагуулан ирж М Си Эс Кока Кола ХХК болон Монголиан Стар Мелшерс компанийн ах эгч нарынх нь бэлдэж өгсөн бэлгийг өгч, хамтдаа зургаа авахуулсан нь гэнэтийн бэлэг болов. Монголиан Стар Мелшерс компанийн бэлэг нь дэлхийд алдартай Johnson & Johnson фирмийн Johnson’s Baby-ийн бүтээгдэхүүн байсан нь онцгой байв.
Тэрэлж зочид буудлын ах эгч нар нь дүү нараа буудал дотор бяцхан аялал хийлгэж хүүхдийн өрөөндөө тоглуулсан. Хүүхдийн өрөөнд хүүхдүүд маань гацуур мод чимэглэж, хүүхдийн кино үзэж, мөн франц тогооч David Baruthio-ийн зааж өгснөөр шинэ жилийн өнгө аясыг харуулсан янз бүрийн хэлбэр дүрстэй жигнэмэг чимэглэж, зураг зурж, мөн Тэрэлж зочид буудлын ах эгч нартаа бүтээлээ бэлэглэсэн.
Зарим хүүхдүүд маань таван одтой зочид буудлын тогооч болсон мэт өөрсдийгөө бодож урам зоригтойгоор жигнэмэгний чимэглэлээ хийж байх нь харагдсан. Хүүхдүүдтэйгээ цуг явсан эцэг эх, эмч сувилагч нар ч бас хүүхдүүдээсээ дутахгүй баяр баясгалантай нэг гэр бүл мэт байсан. Хүүхдүүд маань явахаасаа өмнө Тэрэлж зочид буудлын гадна зассан мөсөн хотхонд тоглож, зургаа авахуулж цэвэр агаарт баясан өнгөрүүлэв.
Хүүхдүүдийн маань хувьд Тэрэлж зочид буудалд өнгөрүүлсэн энэ шинэ жилийн баяр хэзээ ч мартагдашгүй сэтгэлд нь хоногшсон шинэ жилийн баяр болсон юм. Ийм сайхан баяр тэмдэглэн өнгөрүүлэхэд чин сэтгэлээсээ тусалсан Тэрэлж зочид буудлын Номин захиралтай хамт олон, Монголиан Стар Мелшерс компанийн хамт олон, мөн МСиЭс Кока Кола ХХК-ийнхан, Жуулчин компани, NTV, МҮОНТ-ийн ХИТ хөгжим мэдээллийн хөтөлбөр, Монгол телевизийн хамт олон, МУГЖ Т.Ариунаа, дуучин Г.Ганхүү, дуучин Батсүх, дуучин Алтанцэцэг нартаа баярласан талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.