Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. “За” ТББ-ын хандив өсгөх тоглолт, ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа рок поп уран бүтээлчид, сайн санаат компани аж ахуйн нэгжүүд, олон түмний оролцоо, хандив хишгээр амжилттай болж өнгөрлөө. Энэ бүхэнд дахин нэг удаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүхний сэтгэлийн гүнд нуугдан байгаа асуулт, хүлээлтэнд хариулах гэсэн юм.
“ЗА” ТББ нь аль болох их мөнгийг босгож аль болох олон хүүхдийн ирээдүйг илүү гэрэлтэй, итгэлтэй болгохыг зорьдогийг дахин нэг удаа нотлохын дашрамд цаашид ямар алхамууд, ажил хүлээгдэж байгаа талаар товч, урьдчилсан байдлаар хүргэх нь:
• ТББ-ын хурлыг энэ долоо хоногийн эцсээр товлосон байгаа бөгөөд энэ хуралд хандив босгох ажилд манлайлан оролцсон уран бүтээлчид, ТББ-ын санаачлагчид, идэвхтэнгүүд оролцох юм.
• Хуримтлуулсан хандив, сайн санааны дэмжлэгийг хорт т хавдартай хүүхдүүдэд илүү оновчтой, зөв хүргэхийн тулд ТББ нь дэргэдээ бие даасан, өөрийн шийдвэрийг гаргах бүрэн чадамжтай Зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ Зөвлөлд ТББ-ын идэвхтэнүүдээс гадна мэргэжлийн зөвлөх эмч, нийгмийн олон хэсэг, давхрагын төлөөлөл, цаашид ТББ-тай хамтран ажиллах чадамжтай бизнесийн байгууллагууд багтах юм.
Тиймээс энэ Зөвлөлд өөрийгөө багтах сэтгэлийн ур ухаантай, нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
• Одоогоор хандив өргөсөн, мессежээр “ЗА” гэж хэлсэн хүмүүсийн тоог эцэслэн гаргахаар ажиллаж байгаа бөгөөд зарим нэг тодорхой шалтгааны улмаас энэ ажил 2-р сарын 10-ныг хүрэх төлөвтэй байна. Хандивыг бүртгэж тооцож дуусах үед хэвлэлийн бага хурал зохион байгуулж албан ёсоор цугласан мөнгийг тайлагнах бөгөөд энэ мэдээллийг сонирхсон бүх байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй, хүрэлцэхүйц байлгах болно.
• Туслалцаа авахыг хүссэн хорт хавдраар шаналж байгаа хүүхдүүдийн эцэг, эх, ах дүүсэд хандаж хэлэхэд одоогоор ямар ч хүүхдийн материалыг албан ёсоор хүлээж аваагүй байгаа бөгөөд ЗӨВЛӨЛ байгуулагдах үед ЗӨВЛӨЛийн туслалцаатайгаар өргөдлийн маягт боловсруулна. Тэрхүү маягтын дагуу өргөдлийг хүлээн авч ЗӨВЛӨЛд танилцуулах бөгөөд эцсийн шийдвэрийг ЗӨВЛӨЛ гаргахаар төлөвлөж байна.
Эдгээр алжуудыг 2-р сарын 15-наас өмнө амжуулахараа төлөвлөж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн бага хурлаараа дамжуулан олон нийтэд танилцуулах болно.
Та бүхнийг Хүндэтгэн ёслосон,
“ЗА” ТББ