Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг хүүхдийн баярын өдөр гэдэг хүүхэд бүрийн хувьд хамгийн эрхэм нандин баяр байдаг бөгөөд энэ жилийн хүүхдийн баярыг Хүүхдийн Хорт Хавдартай Тэмцэх сангаас санаачлан Хавдар судлалын үндэсний төв болон бизнесийн байгууллагууд, урлаг соёлын одуудтай хамтран урьд урьдынхаас илүү өргөн хүрээтэй, баяр хөөр, дуу хуур дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
2009 оны 05-р сарын 30-ны өдөр болсон уг арга хэмжээ нь Хүүхдийн Хорт Хавдартай Тэмцэх сангийн тэргүүн МУГЖ Жаргалсайханы “Хавдрын эсрэг хамтдаа” уриалгаар эхэлж, бүрэн хэмжээний гэж үзэж болох одуудын бүрэлдэхүүн урлагийн мэндчилгээгээр хорт хавдартай хүүхдүүдэд бэлэг барьсан ба тоглолтонд МУГЖ Жаргалсайхан, дуучин Ану болон H2, TI, Гурван охин, Сүнс хамтлагууд оролцсон.
Мөн манай сангийн тусламжтайгаар Тайландад эмчлүүлж байгаа Х.Номуун охин гэр бүлийн хамт ирж оролцсон нь бас нэг том баяр байлаа. Энэ баярын өдөр хүүхдүүд хайртай дуучидтайгаа цуг дуулж бүжиглэж тэдний урмын үгээр тэтгэгдэж сайхан баярлаж өнгөрүүллээ.
Бидний баяр дээр ирж оролцсон урлагийнхан маань “Хүүхдийн төлөө ЗА” гэж хэлцгээж сайн үйлсэд нэгдэж хүүхдүүдийн баяр дээр баяр нэмлээ.
Бидний баярыг сайхан тэмдэглэхэд тусалсан Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон болон урлагийн одууд, мөн энэрлийн гараа сунгаж хорт хавдартай хүүхдүүдэд бэлэг өгч идэвхтэй оролцсон Мон Руд компанийн захирал С.Оюунчимэг, Чингис зочид буудлын ерөнхий захирал Х.Отгонтуяа, Наран фүүдс ХХК, Монгол шуудан банкныхандаа талархал илэрхийлье.