image

    “Хүүхдийн төлөө  ЗА  гэж  хэлье”


    Тус ТББ нь 2007 оны 11-р сард байгуулагдан хорт хавдартай хүүхдүүдэд туслах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж 2 дахь жилийнхээ ажлын үр дүнг дүгнэж байна. Энэ хугацаанд хорт хавдараар өвдсөн хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгоор рок попийн одууд, хамтлаг дуучдын оролцсон “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” урлагийн тоглолтыг 2009 оны 1-р сард бизнесийн болон хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын туслалцаатайгаар амжилттай зохион байгуулж Тайланд улсад Х.Номуун охины эмчилгээний зардалд тус нэмэр болсон билээ. Мөн 2009 оны 4 сард нүдний хавдартай Галсан овогтой Үлэмжбилгүүнд БНСУ-д эмчлүүлэхэд нь 3.000.000 төгрөгөөр, 2009 оны 4 сард Сэндэндорж овогтой Оролнямд БНХАУ-д эмчлүүлэхэд нь 12,000 юаниар, 2010 оны 1-сарын 10-нд тархины хавдартай Номин-Эрдэнийн Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөгөөр Хөх хотод эмчлүүлэхэд нь, цусны хорт хавдартай Билгүүн хүүхдэд 700.000 төгрөгөөр тус тус нэмэр хандив үзүүлсэн байна.


    Үүнээс гадна хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд сэтгэл санааны дэм өгөхөөр 2009-оны 5-р сарын 30-нд жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг байсан хүүхдийн баярын өдөрлөгийг энэ удаад урлаг соёлынхон, дэмжигч “М Си Эс Кока Кола” , Наран фүүдс байгууллагуудтай хамтран хийсэн баяр энэ жил урьд урьдынхаас илүү өргөн хүрээг хамарсан баяр хөөр, дуу хуур дүүрэн болж,  “Хүүхдийн төлөө за” ТББ бүрэн хэмжээний гэж болох одуудын бүрэлдэхүүнтэй урлагийн мэндчилгээгээр хүүхдүүдэд бэлэг барьсан ба тоглолтод Н2, ТI, МУГЖ Жаргалсайхан, Ану, Баажий, Гурван охин, Сүнс хамтлагууд ирсэн юм.


    Тус ТББ нь хүүхэд бүрийг хамруулан аливаа арга хэмжээг сайн санаат байгуулага хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж чадсан билээ. Үүний том жишээ бол 2009 оны 12-р сарын 21-ний өдөр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан” ТББ-аас санаачлан, Номин захиралтай “Тэрэлж” 5 одтой зочид буудлын хамт олны хүч дэмжлэгтэйгээр, “Хавдар Судлалын Үндэсний Төв” болон “Эх нялхасын Эрдэм Шинжилгээний Төв”-ийн Цусны тасгийн хамт олонтой хамтран хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулсан явдал юм.
    Уг баярын арга хэмжээн дээр хүүхдүүд маань франц тогооч David Baruthio-ийн сэтгэлээ гаргаж хийсэн амтат хоолыг амтархан зооглож, МУГЖ Т.Ариунаа эгчтэйгээ ярьж хөөрөн хамтдаа шинэ оноо баяр хөөр дүүрэн угтлаа.
    Манай баярыг сангийн гүйцэтгэх захирал Г.Ганхүү хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, дуучин Батсүх, дуучин Алтанцэцэг нар ая дуугаа барьж, циркийн хамт олон тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдтэй хамт дуулж, бүжиглэж, жүжиглэж өдрийг сайхан өнгөрүүллээ.
    Зарим хүүхдүүдийн хувьд энэ шинэ жилийн баяр анхных нь шинэ жилийн баяр байснаараа онцлог байв.
     Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, цасан охин бас бэлэггүйгээр төсөөлөшгүй билээ. Ингээд өвлийн өвгөн аав нь цасан охиноо /МУГЖ Т.Ариунаа/ дагуулан ирж “М Си Эс Кока Кола” ХХК болон “Монголиан Стар Мелшерс” компани, “Жуулчин” компани, Төрөө хувь хүн 300.000 төгрөг хандивлаж, ах эгч нарынх нь бэлдэж өгсөн бэлгийг өгч, хамтдаа зургаа авахуулсан нь гэнэтийн бэлэг болов.
     “Монголиан Стар Мелшерс” компанийн бэлэг нь дэлхийд алдартай Johnson & Johnson фирмийн Johnson’s Baby-ийн бүтээгдэхүүн байсан нь онцгой байв.

Энэ удаагийн “ХХХТС” ТББ-н зорилго нь хорт хавдар хэмээх өвчнөөр өвдсөн Б.Даариймаа, Б.Болд-эрдэнэ нарт туслахаар 2010 оны 1 сарын 26-нд хандивын тоглолтоо сайн санаат байгууллага, хамт олонтой хамтран 2 дахь удаагаа хийх гэж байна.


  • Б.Даариймаа нь 4 настай, одоогоор охины цээжний зүүн орой хэсэгт 4.2см x3.1см-ийн гол судасны хана гялганатай наалдсан хорт хавдартай. Иймд гадаадын хөгжингүй орнуудад цаг алдалгүй /Сингапур, Тайланд, Солонгост гэх мэт/ явж эмчлүүлбэл 100% эдгэрэх боломжтой.
  • Б.Болд-эрдэнэ одоо 1 нас 11 сартай. 1 нас 6 сартайдаа нарийн шинжилгээ хийлгэн зүүн нүдний цаад угт нь ургасан хорт хавдраа Солонгос улсад химийн эмчилгээ хийлгэж дээрдсэн ч цаашид 13 сар эмчлэгдэх шаардлагатай болсон байна.

    Хүүхдийн төлөө “ЗА” урианд нэгдэж сайхан сэтгэлээ зориулж хандив өргөсөн байгууллага хувь хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ одоо ч гэсэн Б.Даариймаа Б.Болд-Эрдэнэ нарт туслахыг уриалж байна.


    Бидний анхны хандивын тоглолтод рок попын дуучид, уран бүтээлчид халуун сэтгэлээр дэмжин тусалсан ба энэ удаагийн тоглолтыг ч мөн дэмжин Б.Даариймаа Б.Болд-Эрдэнэ хоёрт туслахаар  тоглолтондоо бэлтгэж  байна.


    Өнөөдөр бид хоёрхон хүүхдийн талаар ярилцаж байгаа авч, цаана нь олон зуун хүүхэд хорт хавдраар өвдөн шаналж байна. Буян нүглийг хослуулан энэхүү цаг үеийн золиос болсон бяцхан үрсийн амь амьдрал мөнгөтэй холбоотой болсон ажээ. Иймд далайд дусал нэмэр гэдгийн адилаар “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” концертоо энэ 2010 оны 1-р сарын 26 нд 2 дахь удаагаа хийх гэж байгаа тул сайн санаат байгууллага, хамт олноос хамтран ажиллаж тусламжийн гараа сунгаж, цаг хугацаа алдалгүй өөр өөрсдийн чадлын хэрээр амьдрал бэлэглэцгээе.


    Дуслыг хураавал далай гэдгийн адил ТА 150124 амьдрал бэлэглэгч дугаар руу гар утасны бүх /Мобиком,Скайтел,Юнител,Жи-мобайл/ хэрэглэгчид “ЗА”-гэж бичээд мессеж явуулахад  л та хүний алтан амь аварч буй ариун буянт үйлсд нэгдэж байна.


    Бидэнтэй нэгдэж бяцхан хүү,охин хоёрт туслахыг хүсвэл доорх хаягаар холбоо  барина уу.


    Холбоо барих утас: 99111241, 99834214

    Дансний  дугаар: Голомт  банк 1601441361 төгрөг, 1601441373 валют


Монголын үрс маш олон болтугай


Зохиогчийн эрхийг "ЗА ТББ" эзэмшинэ. 2010 он. Сайтыг бүтээсэн Нимон Системз
developed Batbold.веб сайтыг Батболд. Mongol_hiimor@yahoo.com